Говь-Алтай аймгийн Бигэр сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Бигэр сумын ИТХ

НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН ТУЛГАМДСАН АСУУДАЛ

2015-11-05

        Хөглөгөр их Алтайн уулс дунд хөх тэнгэрийг мөрлөн зүмбэрлэх онгон дагшин Буудай уулаа хоймортоо залсан миний нутгийн ард түмэн буман жилийг жаргаж элээх хувьтай хүмүүс билээ.
        Ийнхүү ард олон маань аз жаргалтай, тэнүүн өөдрөг амьдрахын үндэс нь нутаг усны хөгжил цэцэглэлт мөнөөс мөн гэвэл үгүйсгэх хүн олон байхгүй нь лавтай. Аль ч орон нутгийн мандал бадрал нь тэнд оршин амьдарч буй ард иргэдийн хөдөлмөр бүтээл, ялангуяа удирдан чиглүүлэх үүрэг бүхий дарга нар болон нутгийн өөрөө удирдах байгууллага, тэдний халуун дулаан сэтгэлийн үр шим болон үлдэж, хойч үедээ уламжлан хүрдэг жамтай. Ер нь айл гэртэй адилтгаваас сум орон нутгийн удирдлага өрх гэрийн тэргүүн лугаа адил юм. Гэрийн эзэн өрхийн тэргүүн өрх гэрээ хэрхэн авч явна, тэр чинээгээр тухайн айлын амьдрал өнгөтэй, өөдрөг байдалтай агаар нэгэн билээ.
        Энэ нутагт эзэн сууж, өлгий нутгийнхаа өнгө зүс, хөгжил дэвшлийн төлөө хөдөлмөр бүтээлээ зориулж явсан эцэг өвгөдийн алтан ясны хэлтэрхий болохоор Бигэр сумын энэ шаргал хоолойд үе улиран орших миний нутгийн нүүр царай өөдрөг өнгөлөг байгаасай гэж нэгэн насаараа сэтгэлээ чилээн яваа хүмүүсийн нэг нь миний бие болой. Тиймийн тул нутгийн өөрөө удирдах байгууллага, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тулгамдсан асуудлаар байр суурь, бодол санаагаа илэрхийлье гэж бодсон юм.
        Нутгийн өөрөө удирдах байгууллагын гол чиг үүрэг нь нутаг орны цогц хөгжлийг хангах, иргэдийн эрх ашиг, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, нийгмийн үйлчилгээгээр хүн ардын эрэлт хэрэгцээг хангах, хүрээлэн буй орчин, хүн зоны аюулгүй байдлыг хамгааах зэрэг асуудлыг шийдвэрлэх, энэ талаар бодлого хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэхэд оршино.
         Харин манай суманд ямаршуу байдалтай байна вэ.
        Нутгийн өөрөө удирдах байгууллага сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь сонгуулийн үр дүнд байгуулагдан өөрийн чиг үүргийн дагуу үйл ажиллагаа явуулдаг байгууллага билээ. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хир чадамжтай байх нь хурлын төлөөлөгчдийн чадвараас шалтгаална. Манай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын        21 төлөөлөгчийн 5 нь бага боловч дадлага туршлагатай, өмнө нь сонгогдож нутаг орноо удирдах ажилд гар бие оролцож явсан хүн байгаа бол 16 нь анх удаа сонгогдож буй хүн байгаа тул хурлын төлөөлөгч ямар эрх үүрэгтэйгээ мэдэхгүйгээс сонгуулийн эхний жилүүдийг онцлон хийсэн ажилгүй, сонгогдсон даргынхаа амыг харсан байдалтай өнгөрүүлж байна. Энэ нь манай сумын иргэд нэг намыг давамгайлман сонголт хийсэнтэй холбоотойгоор сумын засаг даргыг томилж, тэр хүнийхээ амыг харж, нийтийн эрх ашгийн төлөө хөтөлбөр боловсруулан ажиллах талаар дутагдалтай байна.
         Нутгийн өөрөө удирдах байгууллагын үүрэг роль алдагдаж, сум орны хөгжилд дорвитой өөрчлөлт хийх удирдах ажилтан үгүйлэгдэж байна. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь ард иргэдийн төлөөлөл болж төр барих ажлыг орон нутагт хийлцэж байгаа гэдэг утгаараа сумаа хөгжүүлэх, ард иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдлэн тэдний хүсэл сонирхлыг хамгаалж, төрийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх үйлсэд түүчээ болон ажиллах ёстой. Түүнээс гадна суманд ажиллаж амьдарч байгаа төрийн албан хаагчид, сэхээтнүүдийг сумын иргэдийг Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдох эрхийг хууль тогтоомжоор хязгаарласнаас болж намаас нэр дэвшиж ард иргэдийн төлөөлөл болон хуралд сууж буй хүмүүс нь чиг үүргээ мэдэхгүй, бусдыг аялдан дагаж хөөрцөглөсөн, хий улс төржиж ард олноо хагалан бутаргасан хүмүүс болж байгаа нь харамсал төрүүлж байна. Энэ бодит байдлыг ажигласааар дараах санаа төрсөн болно.
  • Орон нутгийн чанартай асуудлаа өөрсдөө шийдэх чадамжтай байх. 2011 оноос "Сум хөгжүүлэх сан", "Орон нутгийн хөгжлийн сан" гэж урьд өмнө байгаагүй мөнгө хөрөнгө суманд ирсэн боловч үүнийг үр дүнтэй зарцуулах санал санаачлага муутай ажиллаж байна. Үүнд  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тавих хяналт байсангүй гэж бодогдож байлаа. Мөн суманд ажиллаж байсан уул уурхайн компаниас чамгүй мөнгө хөрөнгө суманд төвлөрч байсан боловч үүнийг баяр наадам санхүүжүүлэх, эсвэл даргад талтай хүмүүст янз бүрийн хэлбэрээр олгох зэргээр үр дүнгүй зарцуулж байлаа. Энэ буруу үйлдэл, гаж тогтолцоонд хурлын төлөөлөгчид хяналт тавьж ажиллах ёстой атал нэг хэсэг нь юу ч мэдэхгүй мэт, мэдсэн нэг нь учраа олохгүй байгаа нь хурлын төлөөлөгчдийн боловсрол мэдлэг нимгэн, нийгэмд өөрийгөө илэрхийлэх чадвар дутмаг байгаагийн илэрхийлэл гэж бодогдож байна. Тийм учраас нутгийн өөрөө удирдах байгууллагад сум орон нутгаа хөгжүүлэх өөриймсөг сэтгэлтэй, мэдлэг боловсрол, алсын хараатай, нийтийн эрх ашгийн төлөө зориглон дуугарч чаддаг хүмүүсийг сонгон ажиллуулах шаардлагатай байна.
  • Нутгийн өөрөө удирдах байгууллагыг чадвахжуулахын тулд сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг намаас бус багийн иргэдээс нэр дэвшүүлэн сонгож, намын эрх ашгийг бус, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалан ажиллуулах шаардлагатай байна.
  • Сумын Засаг даргыг сумын нийт ард иргэдээс сонгодог болох асуудлыг хуульд тусган хэрэгжүүлэх нь нэн тулгамдсан асуудал болоод байна.

        Хурлын төлөөлөгчийг намаас нэр дэвшүүлэн сонгосноос болж сумын Засаг даргыг сонгосноос хойш бодлогын баримт бичиг боловсруулан, ирээдүй хойч үедээ хэрэгтэй шийдвэр гаргах, хөрөнгө мөнгөний төлөвлөлт, зарцуулалтанд хяналт тавих зэрэг гол үүргээ орхигдуулан сонгуулиас сонгуулийн хооронд зөвхөн нэг хуралд сууж ирц бүртгүүлэхээс өөр тодорхой санаачлан хийсэн ажилгүй байгаа нь нутгийн өөрөө удирдах байгулулагын чадавх улам бүр сулрах шалтгаан болж байна. Мөн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд суманд ажиллаж амьдарч байгаа төрийн албан хаагчид, сэхээтнүүдийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр нэр дэвшүүлэн сонгож, нутаг орноо гэсэн сэтгэлтэй сэхээтнүүдийн дуу хоолой, үзэл бодлыг сум орон нутгийнхаа хөгжлийн төлөө гаргаж буй бодлого шийдвэрт тусгах талаар анхаарч ажиллах шаардлагатай байна.

         Тосч өлгийдсөн нутгийн минь хөгжилд ахмад үеийнхний оруулсан үнэлж барамгүй хувь нэмэр өнөө ч бидэнд өгөөжөө өгсөөр байна. Тухайлбал: Монгол Улсын хөдөлмөрийн баатар сум нэгдлийн дарга Ч.Чулуун гуай 26 жил сум орныг удирдахдаа ямар их зүйлийг бүтээж өгснийг ахмад үеийнхэн маань мартаагүй, залуу үе, үр хүүхдүүд маань үр шимийг нь хүртэн амьдарч байна. Чулуун гуай шиг хөдөлмөрч, өөриймсүү халуун сэтгэлтэй удирдагч өнөөгийн Бигэрчүүдэд үгүйлэгдэж байна.


                                                                                                   5-р багийн иргэн Т.Цэнд

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5728
4267 / 74%
915 / 16%
265 / 5%
281 / 5%