Говь-Алтай аймгийн Бигэр сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Бигэр сумын ИТХ

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны тухай

2015-11-16

         Эдүгээ 66 настай,  1992 оноос хойш 5 удаа сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Тэргүүлэгчээр сонгогдон ажиллаж байгаа ахмад төлөөлөгч, Тэргүүлэгч  Пүрэв овогтой Очирбаттай "Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааг сайжруулах, төлөөлөгчдийн чадавхийг дээшлүүлэх, хууль тогтоомжийг сайжруулах" талаар хийсэн ярилцлагыг нийтэлж байна.

           1.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч гэж хэнийг хэлэх вэ.
           -  Олон талын зохих мэдлэг боловсролтой, аливаа асуудалд үнэлэлт дүгнэлт өгч чадахуйц, ард иргэдийн санал бодлыг төлөөлөн илэрхийлж чадах манлайлал бүхий хүнийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч гэж хэлэх  боловч одоогийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын түүхэн замналд ах дүү, садан хамаатан олонтой, иргэдийг өөртөө ямар нэгэн аргаар татсан, боловсролтой, боловсролгүй, мэргэжилтэй, мэргэжилгүй, олны өмнө үг дуугардаггүй аялдан дагалддаг, иргэд төлөөлөгч болж байна. Олны өмнө үг дуугардаггүй, аялдан дагалддаг төлөөлөгч олширч байгаа нь иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төлөөлөгчөөр нэр дэвшүүлэхдээ иргэдээс бус улс төрийн намаас нэр дэвшиж байгаатай шууд холбоотой гэж үздэг.

           2. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр таны санал бодол.
            - Иргэдийн Төлөөлөгчдийн мэдлэг боловсролыг дээшлүүлж, эрх мэдэл бүхий эдийн засаг, санхүүгийн мэдэлтэй байж, хариуцлага тооцдог механизмыг чангатган хяналтыг байнга, дээд зэргээр тавьж байх хэрэгтэй байна. Иргэдтэй байнга харилцаж, харилцан мэдээлэлтэй байх хэрэгтэй гэж боддог. Ингэхийн тулд сумын хэмжээний нийт иргэдийн Хурлыг жилд 2-оос доошгүй удаа тогтмол хийж, сумын төр, захиргааны байгууллагуудаас хийсэн ажлын талаархи мэдээллээ хүргэж, тэдний санал бодлыг сонсож, цаашид хийх ажлын төлөвлөгөөндөө тусган хэрэгжүүлдэг байвал зүгээр. Одоо бол зөвхөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хязгаарлаад, нийт иргэдийн Хурал орхигдож байна гэж боддог. Нийт иргэдийн Хурлыг хийж мэдээллээ хүргэх, тэдний санал бодлыг сонсож, үйл ажиллагаандаа тусгаж ажиллах талаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэг, түүний удирдлагын тухай хуульд ч тодорхой заалт оруулж, хэрэгжүүлмээр санагддаг.

          3. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг чадавхийг дээшлүүлэх талаар таны санал бодол.
            - Орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж, төрийн албан хаагчдыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид нэр дэвшүүлж, сум орон нутгийн хөгжлийн бодлогыг тодорхойлоход тэдний мэдлэг боловсролыг ашиглах шаардлагатай байна. Одоо бол аль боловсрол, мэдлэгтэй хүмүүс нь төрийн албан хаагчаар ажиллаж, ард иргэдийнхээ дуу хоолой болох хүмүүс нь сонгогдох эрхээ эдэлж сонгогдож чадахгүй байгаагаас шалтгаалж, сум орон нутгийн хөгжлийн бодлого бүрэн тодорхойлогдож чадахгүй байна уу гэж бодогддог. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллагаас зохион байгуулалттай нэгдсэн сургалтуудыг ээлж дараатай хийдэг баймаар байна. Бүрэн эрхийн хугацаанд 1-2 сургалт хийдэг ч тэр нь тодорхой үр өгөөжөө өгч чадахгүй байна.  Ийм сургалтыг аймаг орон нутгийн хэмжээнд жил тутам хийвэл бусад сумуудын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөсөө суралцах сайн талтай гэж бодож байна.

           4. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, багийн иргэдийн Нийтийн Хурлын ажлын уялдаа холбоог сайжруулах чиглэлээр таны санал бодол
           - Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллагаас багуудын иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчдэд сургалт семинарыг тогтмол зохион байгуулж, харилцан ярилцаж, сум, багийн хэмжээнд шийдвэрлэх асуудлуудаар үе үе санал авч, шийдвэрлэж байх хэрэгтэй байна. Мөн багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга нарыг орон тооны болгож, цалин урамшууллаар хангаж, бичиг хэрэг, шуудан холбооны зардлыг ч төлөвлөж өгөхгүй бол өнөөдрийн байдлаар иргэдийн Нийтийн Хурлын дарга нар багийн Засаг дарга нарын цалингийн 30 хувьтай тэнцэх хэмжээний урамшуулал аваад тэр урамшууллаараа бензин тосоо хийгээд багийнхаа айл өрхөөр явж байна. Тэр урамшуулал нь бензин шатахуундаа хүрэхгүй байгаа учраас иргэдийн итгэлийг хүлээж сайн ажиллаж чадахгүй байна.

         5. Нутгийн өөрөө удирдах байгууллагын талаар иргэд ямар ойлголттой байдаг бол. Ямар ойлголтоой байгаасай гэж хүсдэг вэ.
         - Иргэд нутгийн өөрөө удирдах байгууллагын талаар ойлголт багатай байдаг болов уу. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон хүмүүс биднийг төлөөлөн хуралддаг гэхээс өөр ойлголт байхгүй гэхэд хэлсдэхгүй байх. Ер нь бол иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг биднийг төлөөлж, сум орон нутгийнхаа хөгжлийн бодлогыг боловсруулан хэлэлцэн баталж, мөрдүүлэн ажиллаж чадах тийм л хүнээ сонгох шаардлагатай гэдгийг иргэн бүхэн ойлгож байвал төлөөлөгчөөр сонгох хүнийхээ сонголтыг хийж чадах байх. Гэхдээ төрийн албан хаагчид нэр дэвшихгүй байгаа учраас сум орон нутаг  боловсон хүчин багатай байгаа энэ тохиолдолд өөр сонголт хийгээд байна уу гэж бодогддог.

         6. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай шинэчлэгдэх хуульд тусгах таны санал бодол.
       - Сумын нийт иргэдийн хурлыг жилд 2-оос доошгүй удаа зохион байгуулж, сумын Засаг даргын мэдээллийг сонсож, цаг үеийн ажлыг ярилцдаг байх,
         - Сумын хүн амын шилжилт хөдөлгөөнийг журамтай болгох үүднээс тухайн нутаг дэвсгэрээс 6 сараас дээш хугацаагаар гадагш яваа өрхийг бүртгэлээс хасч, аливаа нийгмийн халамжийн болон бусад үйлчилгээгээр үйлчлэхгүй байх
       - Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд 3-аас дээш удаа оролцоогүй төлөөлөгчийг эргүүлэн татаж, дараагийн олон санал авсан хүний бүрэн эрхийг зөвшөөрдөг болох
         - Төлөөлөгчдийг иргэдтэйгээ ажиллах санхүүгийн дэмжлэгтэй болгох
      - Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид нэр дэвшүүлэн сонгохдоо намаас бус иргэдээс нэр дэвшүүлэн сонгодог болох
       - Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгулулагад хариуцлага тооцдог эрхийг тодорхой заалтаар нарийвчлан оруулж өгөх
        - Орон нутгийн өмчийг актлах, худалдан борлуулах, захиран зарцуулах эрхийг орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нь олгох гэсэн саналууд байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5728
4267 / 74%
915 / 16%
265 / 5%
281 / 5%