Говь-Алтай аймгийн Бигэр сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Бигэр сумын ИТХ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааг сайжруулахад иргэдийн оролцоо

2015-11-25

          Иргэн хүн бүр төрийн үйл хэрэгт болон орон нутгийнхаа амьдралд шууд болон төлөөллийн байгууллагаараа уламжлан оролцохдоо орон нутгийнхаа төдийгүй улс орныхоо улс төр, нийгэм, эдийн засгийн хөгжлийн асуудлуудыг шийдвэрлэхэд оролцож байгаагаа бүрэн ойлгож, ухамсарлах хэрэгтэй билээ. Мөн нутгийн өөрөө удирдах байгууллага, иргэдийн төлөөлөгчид, хурлын тэргүүлэгчид, ажлын албаны тухай болон тэдний ажил үүргийн талаар сайн ойлголт мэдлэг мэдээлэлтэй болсон байх ёстой юм.
             Нутгийн өөрөө удирдах ёс гэдгийг орон нутгийнхаа асуудлыг зохицуулдаг, тулгамдсан асуудлаа шийдвэрлэж, хийж хэрэгжүүлдэг, хянадаг тогтолцоо гэж тодорхойлдог. Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, түүнээс зохион явуулж буй бүхий л ажлын үр нөлөөг дээшлүүлэхэд бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчид, ажлын албаны идэвхтэй үйл ажиллагаа зайлшгүй боловч иргэдийн оролцоог сайжруулах, нэмэгдүүлэх нь орхигдуулж болохгүй ажил юм. Хичнээн чадварлаг баг хамт олон байсан ч иргэдийн бодит санал санаачлага, идэвхтэй оролцоогүйгээр иргэдийн төлөө, хөгжлийн дорвитой ажил хийж шийдвэр гаргаж чадахгүй.
         Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлж ажиллахдаа:
               1. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг чадавхижуулах
               2. Иргэдийг эдийн засаг, эрх зүйн мэдээллээр хангах
               3. Шийдвэр боловсруулах шатанд иргэдээр хэлэлцүүлэх
               4. Иргэдийн саналыг сонсох
              5. Иргэдийн оролцоотой хяналт, үнэлгээ хийх зэрэг ажлуудыг нэн тэргүүний зорилт болгон тавих шаардлагатай.
             Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж байгаа "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд 2014, 2015 онуудад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, Тэргүүлэгчид, ажилтнуудад хийсэн хууль эрх зүй, онол арга зүй, практикийн сургалтууд нь тэдний үйл ажиллагааг дэмжиж, цаг үеэ олсон маш их ач холбогдолтой сургалтууд байлаа. Цаашид ийм сургалтуудыг төлөөлөгчдийн бүрэн эрхийн хугацааны эхний жилүүдэд байнга хийж байх нь нутгийн өөрөө удирдах байгууллагын бэхжилт, төлөвшилд ихээхэн нөлөө үзүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
         Иргэдийн мэдлэг мэдээлэлд үндэслэсэн саналыг сонсох, үйл ажиллагаандаа тусгах, идэвхтэй оролцоог дэмжихийн тулд иргэдэд хууль эрх зүйн болон онол арга зүйн богино хэмжээний сургалт хийх, гарын авлага материалаар хангах зэрэг ажлуудыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба болон Засаг даргын Тамгын газрын мэргэжилтнүүд, улсын байцаагчдын оролцоотой хийж гүйцэтгэх нь зүйтэй бөгөөд тусгайлан бэлтгэсэн сургагч багш, эрх зүйн хөтөчтэй болбол бүр илүү үр дүнтэй байх болно.
          Томоохон төсөл хөтөлбөр төлөвлөх, үндсэн чиглэл, бодлогын баримт бичиг боловсруулахдаа чадавхжсан, мэдээлэл мэдлэг сайтай иргэдийн оролцоог хангаж, тухайн асуудлын талаархи холбогдох мэдээллийг сайн өгөх, ойлгуулах, хэлэлцүүлгийг үе шаттайгаар иргэний танхимд хийх нь шийдвэр боловсруулах түвшинд иргэдийн ил тод, нээлттэй шууд оролцоог хангаж байгаа үйл ажиллагаа билээ. Иргэний танхимын үйл ажиллагааг тогтмолжуулах нь хурлын байгууллага, иргэдийн холбоог сайжруулах хамгийн үр дүнтэй ажил юм.
            Иргэдийн саналыг сонсох ажлын тухайд иргэний танхимын хэлэлцүүлэг, иргэд хөдөлмөрчдийн цуглаан, хурал, багийнхаа иргэдийн Нийтийн Хуралд оролцож, хэлэлцэж буй асуудалтай холбоотой асуулга асууж, саналаа хэлж, шийдвэр гаргахад идэвхтэй оролцох чадварыг нийт иргэдэд олгох явдал хамгийн чухал асуудал болоод байна. Нас тогтсон иргэд, ахмадууд, эмэгтэйчүүд багийн иргэдийн Нийтийн Хурал болон хэлэлцүүлэг ярилцлагад оролцож, залуучууд оролцсон ч туйлын идэвхгүй хандаж, бидний гаргасан санал санаачилга, шийдвэр нь шийдвэр гаргах түвшинд нөлөөлнө гэдгээ ойлгохгүй, ихэнх залуучууд ерөөсөө оролцохгүй байгаа нь тэдэнтэй холбоотой олон асуудлыг мэдэхгүй хоцорч хохирсоор байна. Энэ байдлаас гарч, иргэдийн саналыг бүрэн сонсохын тулд багийн иргэдийн Нийтийн Хурлын үр нөлөөг дээшлүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх аргуудыг ашиглах, иргэдийг хүртээмж хэрэгцээтэй энгийн мэдээллээр цаг хугацаанд нь тогтмол хангах ажлуудыг дэс дараатай хийх зайлшгүй шаардлага урган гарч байгаа юм.
            Шийдвэрийн гүйцэтгэл, төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл зэрэгт иргэдийг татан оролцуулж, хяналт, үнэлгээ хийлгэх нь сайн үр дүнтэй бөгөөд хяналт тавихын зэрэгцээ үнэн зөв  мэдээллийг иргэдэд хүргэж, өөрийн төлөө, иргэдийн төлөө үнэтэй санал гаргадаг гэдгийг байнга санаж, үйл ажиллагаандаа хэвшүүлэн ажиллах хэрэгтэй байна.
            Хяналт үнэлгээ хийх иргэдэд зөв мэдээлэл, тухайн ажлын талаархи сайн ойлголт, хяналт үнэлгээ хийх аргачлалаар хангах нь ажил хариуцсан албаны үндсэн үүрэг байх болно.
          Иргэдийн оролцооны давуу тал нөөц боломж, бүтээлч санаачлагыг зөв өрнүүлж, чадсан нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаа төлөвшиж, бэхжиж чадна.

                                                                                             Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга    
                                                                                                                 Ч.Пүрэвжав 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5728
4267 / 74%
915 / 16%
265 / 5%
281 / 5%